ИНФЛЯЦ ДАХИН ХОЁР ОРОНТОЙ ТООНД ШИЛЖИВ

2023 оны 10 сараас хойш нэг оронтой түвшинд хадгалагдаж байсан инфляц 2026 оны 4 дүгээр сард хүнс, тээвэр болон импортын барааны үнийн өсөлтийн нөлөөгөөр 10.1%-д хүрч, дахин хоёр оронтой тоонд шилжив.

Дэлгэрэнгүйг МУ-ын онцлох шинжилгээ хэсгээс уншаарай.

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД ШИНЭ 7 ХОНОГИЙН МЭНД ХҮРГЭЕ!


Хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргалтад тань туслах үнэн бодит мэдээлэл, судалгаа шинжилгээнд суурилсан “Тоймлоё - Эдийн засаг, зах зээл, боломжууд” товхимлыг хүргүүлж байна.


ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ

  • Nvidia Австралийн “IREN” компанид 2.1 тэрбум ам.доллар хөрөнгө оруулж, AI чипийн экосистемээ тэллээ.
  • Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2026 оны эхний дөрвөн сард 10.4 тэрбум ам.долларт хүрч, худалдааны ашиг 3.1 тэрбум ам.долларт хүрэн сүүлийн гурван жилийн дээд түвшинг шинэчлэв.
  • Rio Tinto зардал таналтыг улам эрчимжүүлж, өнгөрсөн жилийн 650 сая ам.долларын хэмнэлтээс давсан үр дүн гаргахаар төлөвлөж байна.
  • Нийтийн хоолны үйлчилгээний салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2026 оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 10.2%-иар өссөн байна.
  • Японы бодит цалин 2026 оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 1%-иар өсөж, 2021 оноос хойш анх удаа гурван сар дараалан нэмэгдсэн нь Японы Төв банкны бодлогын хүүг цаашид өсгөх хүлээлтийг нэмэгдүүлж байна.
  • Гадаад худалдааны нөхцөлийн индекс 2026 оны 3 дугаар сард экспортын үнийн огцом өсөлтийн нөлөөгөөр өмнөх оны мөн үеэс 19.3%-иар, өмнөх сараас 0.8%-иар нэмэгдэж 97.1 хүрлээ.
  • Alibaba өөрийн Qwen хиймэл оюуны загварыг Taobao платформтой нэгтгэж, худалдан авалтын шийдвэрийг автоматжуулах “agentic shopping” үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ.

✨ ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ 

🏆 Үнэт цаасны давуу тал: 


✅ Үнэт цаас гаргагч: Ти Эм Эл Пластик ХХК
✅ Тогтмол хүүтэй нээлттэй бонд (биржийн зах зээл)
✅ Хүүгийн төлөлт тогтмол – хагас жил тутам
✅ Хөрөнгөө найдвартай өсгөх боломж

✅ Хүүгийн орлогын татвар: 5%
✅ Транчийн нөхцөл (жилийн хүү):

 • 18 сар – 10.0%
✅ Sustainable Fitch ESG ratings: "Excellent"


👉Та доорх холбоос дээр дарж мэдээллээ оруулснаар манай хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөхүүд тань руу холбогдож үнэт цаасны дэлгэрэнгүй мэдээлэл болон арилжаанд оролцох заавар хүргэх болно.


📞 Холбоо барих: 7010-0261, 8008-8704

ХӨРӨНГӨ ОРУУЛАХ


МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

МУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ЯМАР ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРСАН БЭ?

  • Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 50,843.33 нэгжид хүрч 1.08 хувийн уналттай хаагдлаа. 

  • Мөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд МХБ нийт 19,495 хэлцэл гүйцэтгэсэн ба хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 13,287.80 тэрбум төгрөг болжээ.

  • "Монгол нэхмэл" ХК-ийн хувьцааны үнэ долоо хоногийн 16.67 хувиар өсөж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их өсөлттэй хувьцаагаар тодров. Харин "Шивээ овоо" ХК-ийн ханш -16.13 хувиар унаж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их уналттай хувьцаа боллоо.

МУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

Гадаад худалдааны нөхцөл 2026 оны 3‑р сард мэдэгдэхүйц сайжрав

Гадаад худалдааны нөхцөлийн индекс 2026 оны 3 дугаар сард 97.1 болж, өмнөх оны мөн үеэс 19.3%-иар, өмнөх сараас 0.8%-иар өссөн байна. Энэхүү өсөлтөд экспортын үнийн индекс жилийн өсөлтөөр 16.3%-иар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Ялангуяа алтны үнэ 86.2%, зэсийн үнэ 56.7%-иар өссөн нь экспортын үнийг дэмжсэн байна. Харин импортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 2.5%-иар, өмнөх сараас 2.0%-иар буурч, гадаад худалдааны нөхцөл нийтдээ сайжрахад эерэг нөлөө үзүүллээ. Энэ нь Монгол Улсын гадаад худалдааны ашигт үзүүлэлтэд дэмжлэг болж байна.


Тээвэр, мэдээлэл холбооны салбарт үйлдвэрлэгчийн үнэ өсөв

2026 оны 4 дүгээр сард тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 7.4%-иар, өмнөх сараас 2.3%-иар өсөж 100.5-д хүрсэн байна. Энэхүү өсөлтөд усан замын тээвэр, агаарын тээвэр болон шуудан, элчийн үйлчилгээний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Харин төмөр замын тээврийн үнийн өөрчлөлт харьцангуй тогтвортой байв. Мэдээлэл, холбооны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс мөн өмнөх оны мөн үеэс 8.7%-иар өсөж, 110.2 болсон байна. Үнийн өсөлтөд цахилгаан холбоо, компьютер программчлал, эх бэлтгэх, нийтлэх үйл ажиллагаа зэрэг дэд салбаруудын үнийн нэмэгдэл голлон нөлөөлсөн нь мэдээлэл, холбооны салбарт үнийн дарамт нэмэгдсэнийг илтгэж байна.


Төлбөрийн тэнцэл 2026 оны эхний улиралд ашигтай гарлаа

Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2026 оны эхний улиралд 95.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 697.6 сая ам.доллароор сайжирлаа. Урсгал данс 412.5 сая ам.долларын ашигтай гарсан нь барааны худалдааны ашиг 2.1 тэрбум ам.доллароор өссөнтэй голлон холбоотой байв. Экспорт нэмэгдэж, импорт буурснаар барааны худалдааны ашиг огцом сайжирсан ч үйлчилгээний болон анхдагч орлогын данс алдагдалтай хэвээр байна. Үйлчилгээний орлого тээвэр, аялал жуулчлалын өсөлтөөр нэмэгдсэн боловч зардлын өсөлт алдагдлыг гүнзгийрүүлжээ. Ингэснээр гадаад секторын үзүүлэлтүүд нийтдээ сайжирч, макро эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүллээ.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 🌍

  АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

​КОМПАНИУДЫН АШИГ ОРЛОГО ХҮЛЭЭЛТЭЭС ДАВЖ АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ӨСӨЛТТЭЙ ХААГДЛАА 

Өнгөрсөн долоо хоногт АНУ‑ын хөрөнгийн зах зээл компаниудын санхүүгийн тайлан хүлээлтээс давснаар өсөлттэй хаагдлаа. S&P 500 индексэд багтсан компаниудын 85 орчим хувь тайлангаа танилцуулснаас дийлэнх нь таамгаас давсан үзүүлэлттэй гарлаа. 


Макро эдийн засгийн талаас хөдөлмөрийн зах зээл дөрөвдүгээр сард 115 мянган шинэ ажлын байр нэмэгдсэн нь хүлээлтээс (62 мянга) өндөр гарсан ч ажиллах хүчний оролцооны түвшин 2021 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ. Үүний зэрэгцээ мэдээллийн технологийн салбарт AI‑ийн нэвтрэлттэй холбоотой цомхотгол нэмэгдсэн нь салбарын бүтцийн шилжилт үргэлжилж буйг харууллаа.


Эдийн засгийн бодит идэвхийг илтгэх үзүүлэлтүүдээс барилгын зардал гуравдугаар сард 0.6%, үйлдвэрийн шинэ захиалга 1.5%‑иар өсөж, ялангуяа AI‑тай холбоотой электрон бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн юм. Гэсэн хэдий ч хэрэглэгчдийн итгэлцлийн индекс 48.2 болж унасан нь бензиний үнэ болон тарифын дарамт өрхийн хүлээлтэд сөргөөр нөлөөлснийг илтгэж байа.

  ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

ХУДАЛДААНЫ БОДЛОГЫН ЭРСДЭЛИЙН ДУНД ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТОГТВОРТОЙ БАЙЛАА

​Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл хэлбэлзэл өндөртэй байсан ч STOXX Europe 600 индекс бага зэргийн өсөлттэй хаагдлаа. Долоо хоногийн эхээр Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал намжиж, компанийн тайлангууд эерэг гарснаар хөрөнгийн зах зээл өсөлттэй арилжаалагдлаа.


Мөнгөний бодлогын хувьд Европын Төв Банк инфляцын төлөв хангалттай сайжрахгүй тохиолдолд ирэх зургаадугаар сард бодлогын хүүг нэмэх боломжтойг илэрхийллээ. Үүний зэрэгцээ Евро бүсийн үйлдвэрлэгчийн үнийн инфляц гуравдугаар сард сарын дүнгээр 3.4% өссөн нь эрчим хүчний үнийн огцом нэмэгдэлтэй холбоотой байв. Макро үзүүлэлтүүд холимог байсан бөгөөд Германд үйлдвэрийн захиалга 5%-иар өссөн ч барилгын идэвх сул хэвээр байна.

  ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

AI САЛБАРЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР NIKKEI ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

​Өнгөрсөн долоо хоногт Японы хөрөнгийн зах зээл Golden Week‑ийн амралтаар богино хугацаанд арилжаалагдсан ч хүчтэй өсөлт үзүүллээ. Nikkei 225 индекс 5.38%-иар огцом өсөж, пүрэв гарагт түүхэн дээд түвшинд хүрсэн бол TOPIX индекс 2.70%-иар нэмэгдэв. Технологи, хагас дамжуулагчийн хувьцаанууд хиймэл оюун ухаантай холбоотой эрэлтийн өндөр хүлээлтээр зах зээлийн өсөлтийг тэргүүлсэн байна.


Иений ханш амралтын үеэр интервенцийн хүлээлтээс шалтгаалан савласан ч долоо хоногийн эцэст ам.долларын эсрэг бараг өөрчлөлтгүй хаагдав. Макро мэдээллээс харахад гуравдугаар сард бодит цалин өмнөх оны мөн үеэс 1.0%-иар өсөж, 2021 оноос хойш анх удаа гурван сар дараалан нэмэгдсэн нь цалин‑үнийн мөчлөг тогтвортой болох дохио болж, Японы Төв Банк мөнгөний бодлогыг аажмаар чангаруулах үндэслэлийг бэхжүүлж байна.

  ХЯТАД УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

AI БА ДОТООД ЭРЭЛТИЙН НӨЛӨӨГӨӨР ХЯТАДЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ СЭРГЭВ

​Өнгөрсөн долоо хоногт Хятадын хөрөнгийн зах зээл May Day‑ийн амралтын дараа нээгдэж, нийтдээ үзүүлэлтээр өсөлт үзүүллээ. CSI 300 индекс долоо хоногийн дүнгээр 1.34%-иар, Shanghai Composite индекс 1.65%-иар тус тус нэмэгдсэн бол Хонконгийн Hang Seng индекс технологи болон хэрэглээний салбарын дэмжлэгтэйгээр 2.39%-иар өсөв. 


Дөрөвдүгээр сард үйлчилгээний салбарын PMI 52.6 болж, шинэ захиалга өссөн нь тарифын тодорхойгүй байдал үргэлжилж буй нөхцөлд ч дотоодын идэвх хадгалагдсаныг харууллаа. Үүний зэрэгцээ АНУ‑ын Ерөнхийлөгч Трамп, БНХАУ‑ын дарга Ши Жиньпиний уулзалтад бэлтгэж эхэлсэн нь хоёр тал ойрын хугацаанд худалдааны тогтвортой байдлыг хадгалахад анхаарч буй хүлээлтийг нэмэгдүүлэв.

МАКРО ҮЗҮҮЛЭЛТҮҮД ТАРХАХ ХУВААРЬ | 2026.05.11 - 05.15

🔎 ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ

Инфляцын түвшин хоёр оронтой тоонд шилжиж эрчимжлээ.


2023 оны 10 сард улсын инфляцын түвшин 9.0 хувь болж буурснаас хойш нэг оронтой тоонд хадгалагдаж байсан. 2026 оны 4 дүгээр сард буюу өнгөрсөн сард инфляц улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар, өмнөх сараас 2.8 хувиар тус тус өсөж хоёр оронтой тоонд хүрч эрчимжлээ. 


Инфляцын түвшин 2026 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд 10.1 хувь гарсны 5.4 (53.1%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 0.9 (8.9%) нэгж хувь нь тээврийн бүлэг, 0.8 (8.2%) нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлэг, 0.8 (7.6%) нэгж хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалсан байна. 


Харин импортын барааны үнийн өсөлтөөс 2.9 (28.9%) нь шалтгаалсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ байгаагаас 238 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзэлж байна. 


Монголбанкны 6%±2 хувийн зорилтот интервалаас давж өссөн нь цаашид хэрхэн эрчимжихээс хамаарч бодлогын хүүг дараагийн хурлаар хэвээр барих эсвэл өсгөх шийдвэрт хүргэх боломжтой юм. 


Цаашид инфляцын түвшинд гадаад орчны нөхцөл байдал гол эрсдэл байгаа бөгөөд Дэлхийн банк эрчим хүчний үнэ 2026 онд 24%-иар, нийт түүхий эдийн үнэ 16%-иар өснө гэж таамагласан байна.  Хөгжиж буй орнуудын инфляц 2026 онд дунджаар 5.1%, дайны өмнөх төсөөллөөс бүтэн нэг нэгж хувиар, 2025 оны 4.7%-ын дундаж түвшнөөс илүү гарахаар төсөөлөлтэй байна. 


Цаашид газрын тосны үнэ өсөх нь импортын өсөлтөд нөлөөлж, импортоос хамаарах хэрэглээний үнийн индексийн өсөлтөд нөлөөлөх, төгрөгийн ханшид дарамт учруулах эрсдэлтэй байна. 

🧑‍🏫 ТАНЫ МЭДЛЭГТ |  Хэрэглээний үнийн индекс гэж юу вэ?

Хэрэглээний үнийн индекс (Consumer Price Index, CPI) нь эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Энэ нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нийт өрхөөр тооцсон үнийн өөрчлөлтийг харуулна.


​Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдан авах чадварыг хянадаг үзүүлэлт гэж ойлгож болох бөгөөд тус индекс өсвөл бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэж таны мөнгөний үнэ цэн буурч байгааг (инфляц) илэрхийлэх юм.


Тооцоолохдоо сонгосон барааны сагсны одоогийн үнийг өмнөх хугацаанд сонгож авсан суурь үеийн үнэд харьцуулдаг. Суурь үеийн үнэ 100 гэж үзээд тооцоолж буй үеийн хэрэглээний үнийн индекс 110.1 гарсан бол инфляц 10.1 хувь гэж тооцоолдог.


Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзэлж байна. Тиймээс хэрэглээний индексийг тооцоолохдоо эдгээр 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнэд үндэслэн тооцоолдог гэсэн үг юм. 


Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо (ҮСХ) нь CPI-г сар бүр тооцож олон нийтэд нээлттэй хэлбэрээр нийтэлдэг. 


Logo

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

⚠️ Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн харилцагчдад мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үнэт цаас худалдах, худалдан авах санал биш юм. Мэдээллийн үнэн бодит байдалд шаардлагатай хяналт хийгдсэн ч баталгаа өгөхгүй. Уг мэдээллийг ашигласнаас үүссэн аливаа хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.